Хос хэлний хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЕБС-ын сурагчдад 1-р ангиас нь эхлэн Монгол хэлний хичээл заана

Энэ оны ЭЕШ явагдаж дууссан. Уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг. Тус шалгалтын босго оноо буюу 400 оноог давсан тохиолдолд шалгуулагч Их, Дээд сургуульд элсэх боломжтой юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл Казак хэл дээр явагддаг учраас Монгол хэл, бичгийн шалгалтад тус аймгийн сурагчид хангалтгүй оноо авдаг байна.

Жил бүр эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус шалгалтад нийт 37 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтын ирц 95 хувьтай байжээ. Харин Баян-Өлгий аймгийн хувьд 1100 сурагч Монгол хэл, бичгийн шалгалт өгснөөс 700 гаруй нь хангалтгүй оноо авсан байна. Мөн тус аймгийн шалгуулагчид ч Монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх дургүй байдаг гэж аймгийн төлөөлөл хэллээ.

Энэ хүрээнд БШУЯ болон тус аймгийн боловсролын газар хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт Монгол хэлний хичээлийг заадаг багш нарын 80 хувь нь  Монгол хэлээрээ ярьж чаддаггүй. Тиймээс нэг жилийн хугацаанд чадавхжуулах сургалтыг тус аймгийн 30 гаруй сургууль дээр хийхээр болжээ. Мөн хос хэлний хөтөлбөрийн сургалтыг хэрэгжүүлэх юм байна. Тус аймгийн ЕБС-иудийн сурагчид 5-р ангиасаа Монгол хэлний хичээлийг үздэг. Үүнээс үүдэж Монгол хэлний хичээлийн хоцрогдол үүсдэг байна. Энэ хүрээнд ЕБС-ын сурагчдыг 1-р ангиас нь эхлэн сургахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг МУБИС-ийн харьяа болгож шинээр зохион байгуулахаар төлөвлөжээ.