ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө төлж чадахгүйд хүрчээ

Өрнөдийн орнуудын ОХУ-д тавьсан хоригийн улмаас Кремлийн удирдлагуудын хилийн чанад дахь бонд эзэмшигчдэдээ төлөх төлбөрийн зам суваг хаагджээ. Ийнхүү ОХУ 1918 оноос хойш анх удаагаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч байна.

“Блүүмберг” агентлагийн мэдээлснээр, ОХУ Украин руу эзлэн түрэмгийлснээс хойш хэдэн сарын туршид хориг арга хэмжээг тойрон гарахын тулд янз бүрийн арга хэрэглэж байжээ. Гэвч өнгөрсөн ням гарагт төлөх ёстой байсан 100 сая ам.долларын төлбөр төлөлтийн хугацаа нэгэнт дууссан байна. Энэ оны 3-р сарын эхэн үеэс ОХУ дахь Европын бондын үнэ зогсонги байдалд орж, Төв банкны гадаад валютын нөөц царцсан хэвээр байгаа бөгөөд тус улсын томоохон банкнууд Дэлхийн банкны системээс тусгаарлагдаад байгаа юм. ОХУ-д 1998 онд санхүүгийн хямрал үүсэж, рублийн ханш уналтад ороход тухайн үеийн Ерөнхийлөгч Борис Ельциний Засгийн газар 40 тэрбум ам.долларын дотоод өрийг төлөх аргагүйд хүрч байжээ. Гадаад өр төлбөрийн хувьд хамгийн сүүлд 1918 онд төлж чадахгүй нөхцөл байдалд орж байсан байна.     

ОХУ-ын Засгийн газарт мөнгө нь байгаа ч Олон улсын банк санхүүгийн дэд бүтэц гүйлгээг нь зөвшөөрөөгүй тул ийм байдалд хүрээд байна. Ийнхүү 30 хоногийн хүлээх хугацаа нь өнгөрсөн ням гарагт дуусгавар болсон тул дефольт болсонд тооцож байна гэж мэдээлж байна.