Үндэсний дээл хувцасны үнэ 10-30 хувиар өсжээ 

Цар тахлын хоёр жил Монголчууд үндэсний баяр наадмаа өргөн хүрээнд тэмдэглээгүй тул өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх гэж байна.  Наадам болоход 10 гаруйхан хоног үлдээд байгаа энэ цаг үед зах худалдааны төвүүд баярын бэлтгэлээ хангах гэсэн олны хөлд хэдийнээ дарагджээ. Тэр дундаа, үндэсний дээл, хувцасны худалдаа хэдийнээ эхэлж, өнгө, загвар, хийцээр нь зэрэгцүүлэн өлгөжээ. Дээлийн үнэ загвар, хийц, материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй худалдаалагддаг. Тэгвэл Монгол уламжлалт дээл хувцасны үнэ өмнөх жилүүдээс 10-30 хувиар өссөн байна. Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хос дээл гэхэд доод тал нь 500.000 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол эрэгтэй, эмэгтэй дан дээлүүдийн хувьд харилцан адилгүй байна.

Тэгвэл энэ жил дээлийн үнэ өссөн гол шалтгааныг материалын үнэ өссөнтэй холбож байна. Өнгөрсөн хугацаанд  хил боомтын гацааны улмаас зарим төрлийн материалын олдоц муу, үнэ өсөлттэй худалдаалагдаж байгаа. Үүнээс үүдэн үндэсний дээл хувцасны худалдаалагдах үнэд нөлөөлжээ

Сүүлийн жилүүдэд олон нийт цахим орчин ашиглан худалдан авалт хийх нь нэмэгдсэн. Цахим орчинд худалдаалагдаж байгаа Монгол хэв загвартай хувцасны үнэ ч мөн адил нэмэгджээ.