Германы шүүх 101 настай Нацистын хорих лагерын харгалзагчийг 3500 гаруй аллагын хэрэгт холбогдуулан 5 жилийн хорих ял оноолоо

Германы шүүх өнгөрсөн мягмар гарагт Нацистын хорих лагерийн харгалзагч асан 101 настай хүнд таван жилийн хорих ял оноожээ. Ийнхүү буруутан Иозеф Шульц нь дэлхийн 2-р дайны гэмт хэрэгтнүүдээс хамгийн өндөр настайдаа шийтгүүлсэн хүн болж байна.

Тэрбээр 1942-1945 оны хооронд гурван жилийн турш Берлин хотоос хойд зүгт оршдог Заксенхаузен хорих лагерьд харгалзагчаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд тэрээр 3500 гаруй хоригдлын амийг хөнөөхөд оролцсон, ингэхдээ аллагыг мэдэж, ойлгож, ухамсарлаж байсан хэмээн Германы дээд шүүхээс түүнийг буруутгажээ. Харин гэмт хэрэгт буруутгагдаад байгаа Шульц өөрийгөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, лагерьд юу болж байсныг огт мэдээгүй хэмээн мэдүүлжээ. Өндөр настай гэсэн шалтгаанаар Шульц ялаа биеэр эдлэхгүй юм байна. Гэхдээ тэр шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгааг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Заксенхаузен хорих лагерьд Европ даяарх улс төрийн хоригдлууд, ЗХУ-ын олзлогдсон цэргүүд болон Еврей хүмүүс хоригдож байжээ. 

2011 онд Герман улсын эрх баригчид дэлхийн 2-р дайны үед үйлдэгдсэн аллагуудад шууд бусаар хувь нэмрээ оруулсан, үй олноор хөнөөх ажиллагаанд гох дарж хүний амийг хөнөөгөөгүй ч аллагыг таслан зогсоох оролдлого хийгээгүй, хэрцгий үйлдлийг өөгшүүлсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг баталсан юм. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дайны  гэмт хэрэг үйлдсэн өндөр настай олон хүнийг эрж олсноор хуулийн хариуцлага хүлээлгэж эхэлжээ.