Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн харьяа нийтийн ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй ашиглана

Жил бүр төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт наадамчин олонд тулгардаг хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь нийтийн бие засах газрын хүртээмжийн асуудал байдаг. Баяр наадам гэлтгүй олныг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах бүрд бие засах газар олдоггүй, олдсон ч эвдэрхий эсвэл бохир гэх мэт гомдол, шүүмжлэл өрнөдөг. Тэгвэл энэ жилийн баяр наадмын өдрүүдэд олон жил яригдсан энэ асуудлыг дорвитойгоор шийдвэрлэхээр болсон гэж албаныхан хэлж байна.

Үндэсний их баяр наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд болоод наадмын нээлт хаалт болон үзүүр түрүүний бөхийн барилдааныг үзэхээр ойролцоогоор 60-70 мянган хүн нэг дор цуглардаг гэсэн тооцоог Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргажээ. Харин тэдгээр иргэдийн хувьд тухайн үед нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөний асуудал хамгаас чухал байдаг гэж хэлж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд өмнөх жилүүдэд 250 хүнийг нэг дор хүлээн авдаг байсан нийтийн бие засах газрын хүчин чадлыг нэмэгдүүлж 400 хүнд хүртээмжтэй байхаар болгожээ. Мөн Хүй долоон худагт нийтийн бие засах газрын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт зөөврийн бие засах газрууд ажиллах юм байна. Учир нь тухайн газарт бохир цэвэр усны шугам сүлжээнд холбогдоогүй тул зөөврийн бие засах газруудыг байрлуулах нь хамгийн оновчтой арга гэж үзэж байна. Өмнө нь 150 хүнд нэгэн зэрэг хүрэлцдэг байсан даацыг энэ жил 300 хүнд хүртээмжтэй байхаар нэмэгдүүлжээ. Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох нийтийн бие засах бүх газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.