Нийслэл хотод 461 км ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай 

Нийслэл хотын иргэдээс авсан судалгаагаар Улаанбаатар хотын 25 байршилд ус их тогтож байна гэсэн дүгнэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ байгаа нь хүртээмжгүй байгаа юм. Тиймээс нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж байгуулахаар тусгажээ. Уг төлөвлөгөөний дагуу барьж байгуулбал хотын хэмжээнд  ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. 

2021 онд Геодези, Усны барилга, байгууламжийн газраас ус их тогтдог байршлуудын судалгааг гаргажээ. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус их тогтож байна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бол бусад байршилд ус тогтсон хэвээр байна. 

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний өргөтгөл, нөхөн сэргээлтийн ажилд жил бүр 5-7 тэрбум төгрөг төсөвлөдөг ч асуудал давтагдсаар байна. Учир нь үерийн ус зайлуулах шугам сүлжээний инженерийн төлөвлөгөө 1966 онд батлагдаж, тухайн  үеийн хотын зохион байгуулалт болоод  даацад тааруулан 1980 он хүртэл барьж байгуулжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын шугам сүлжээний даац хэтэрсэн. Одоо байгаа шугам сүлжээний ашиглалтын хугацаа ч аль хэдийн дуусаад зогсохгүй зарим шугам сүлжээг огт ашиглах боломжгүй болжээ

Ус зайлуулах шугам хоолойн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй ч төсөв мөнгөний асуудал  тулгарч байна. Иймд барилга, байгууламж барьж байгаа компаниуд ч мөн адил  борооны усны хоолойгоо эхнээс нь төлөвлөж, шийддэг болох хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.