Нийтээр амрах өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэг өдрийн дундаж цалинг 2 дахин нэмэгдүүлж олгоно

Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ амарна. Үүнтэй холбоотойгоор бүх нийтээр амардаг өдрүүдэд ажилтнуудын амралт, цалингийн асуудал ямар байдлаар зохицуулагддаг талаар дараах мэдээг хүргэе.

Энэ оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа жилдээ ажлын 15 өдөр байна гэж заажээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Үүнээс гадна ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгодог заалт өөрчлөгдөөгүй байна. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно.

Харин хөдөлмөрийн тухай хуулиар нийтээр амрах баярын өдрөөр ажилласан ажилтныг нөхөн амруулахыг зөвшөөрдөг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгох хуулийн зохицуулалттай.