Канад улс Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлт бүхий протокол бичгийг соёрхон баталсан анхны улс боллоо

Канад улс НАТО-гийн эвслийн гишүүн улс, орнуудаас Финланд, Шведийг тус эвсэлд элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны улс боллоо. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Жастин Трюдо өнгөрсөн долоо хоногт болсон НАТО-ийн эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр Финландын Ерөнхийлөгч болоод Шведийн Ерөнхий сайдтай уулзаж, эвсэлд нэгдэх асуудалд Канад улс үргэлж нээлттэй хаалганы бодлого баримталж буйг мэдэгджээ. Тэрбээр "Канад улс 2022 оны 7-р сарын 5-ны өдөр Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны улс боллоо. Энэ нь хоёр улсыг эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэхэд ойртуулж байна" гэжээ. Трюдо мөн хоёр улс "НАТО-д хурдан, амжилттай нэгдэж чадна" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар болон НАТО-гийн гишүүн 30 орны төлөөлөгчид тус хоёр улсыг Умард Атлантын эвсэлд элсүүлэх тухай протоколд мягмар гарагт буюу өчигдөр гарын үсэг зуржээ. Харин Канад улсын эрх баригчид уг үйл явдлаас хэдхэн цагийн дараа тус протоколыг түргэвчилсэн шугамаар соёрхон баталсан анхны улс болж, Швед, Финландын НАТО-д элсэхэд нь шуурхай дэмжлэг үзүүлснийг мэргэжилтнүүд онцолж байна. Сүүлийн 90 гаруй жилийн турш төвийг сахих уламжлалт бодлого баримталж байгаа эдгээр хоёр улсын эрх баригчид Орос Украинд халдан довтолсноос хойш бодлоо өөрчилж эргэлт буцалтгүй Умард Атлантын гэрээний байгууллагад элсэхээр болоод байгаа юм. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол НАТО-гийн төв байранд болсон байна.  НАТО-гийн гишүүн бүх улс орон уг баримт бичгийг соёрхон баталсны дараа Финланд, Швед улсууд тус байгууллагын албан ёсны гишүүн болох юм.