100 айлын барилгын материалын захыг хотоос бүрэн нүүлгэнэ гэсээр дөрвөн жилийн нүүр үзэж байна

Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах 100 айлын барилгын материалын зах нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2022 он хүртэл шат дараатай хэрэгжүүлнэ хэмээн ажлын хэсэг байгуулж байсан. Гэвч энэ ажил бүрэн дуусна хэмээн төлөвлөж байсан 2022 он талдаа орж байхад нүүлгэх асуудал өнөө ч сураггүй байна.

Хотын төвөөс холгүй байрлах 100 айлын барилгын материалын захад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 60 шахам хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Үлдсэн хувийг дээрх лангуунуудыг дагалдах буюу гар дээрээс ил худалдаа эрхлэгчид эзэлдэг байна. Одоогоор энд худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүст 100 айлын барилгын материалын зах нүүх талаар мэдээлэл ирээгүй байна гэж тус захын бизнес эрхлэгчид хэлж байна.

Барилгын үйлдвэрлэл үйлчилгээ, тухайлбал чулуу бутлах үйлдвэрлэл үйлчилгээг суурьшлын бүсээс 50 метрийн зайд эрхлэх ёстойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоож өгсөн байдаг. Тэгвэл одоогоос зургаан жилийн өмнө 100 айл орчмын бүсэд оршин суух 153 сурагчаас цусны шинжилгээ авахад тэдний 60.1 хувьд нь хар тугалга илэрсэн байна. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс давсан өндөр үзүүлэлт юм байна. Энэ бодисын хор нөлөө маш их. Тэгэхээр 100 айлын барилгын материалын захтай хаяа дэрлэн оршдог тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэндэд тус захын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ муугаар нөлөөлдөг гэсэн үг юм. 

2019 онд байгуулагдсан 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хэдийнээ тарсан ч энэ ажил бүр мөсөн замхран алга болоогүй гэж байна. 100 айлын захыг нүүлгэн шилжүүлэх шинэ ажлын хэсэг 2021 онд байгуулагджээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс ажлын хэсэгт ажиллах хүмүүсийг томилсон бөгөөд одоогоор ажил судалгааны түвшиндээ үргэлжилж байна гэж мэдээллээ.