Ирэх 9-р сард үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж магадгүй

Энэ удаагийн Хаврын чуулганаар төлөвлөсөн хуулийн төслүүд 70 орчим хувьтай батлагдсан байна. Мөн цар тахлын дараа, олон улсын тогтворгүй байдлын үед эдийн засагт үр нөлөөтэй хуулиудыг баталж чадсан гэж хууль тогтоогчид үзэж байна. 

Монгол улсын их хурлын 2022 оны Хаврын чуулганы хугацаанд бие даасан 16 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, нийтдээ 341 хууль, 44 тогтоол тус тус баталжээ.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган 2022 оны 3-р сарын 15-ны өдрөөс 2022 оны 7-р сарын 6-ны өдрийг дуустал нийт ажлын 80 өдөр үргэлжилсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 37 удаа буюу 184 цаг 57 минут хуралдсан бөгөөд 200 асуудал хэлэлцэж, зохих тогтоол шийдвэрүүдийг гаргажээ. 

УИХ-ын энэ удаагийн чуулганаар баталсан шинэ сэргэлтийн бодлого, түүнд холбогдох хуулиуд, төрийн хэмнэлтийн тухай хууль, эдийн засгийг сэргээх, орлогыг нэмэгдүүлэх зэрэг хуулиуд нь чухал ач холбогдолтой байлаа гэж хууль тогтоогчид дүгнэж байна.

Ирэх 9-р сард үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах магадлалтай байна.