ОХУ-аар дамжин Европт хүрдэг Казахстаны газрын тосны экспортын чухал хоолойг Москва хаах шийдвэр гаргажээ

ОХУ-ын Дээд шүүх өнгөрсөн лхагва гарагт Казахстан улсын экспортын газрын тосыг Хар тэнгисийн боомт руу дамжуулдаг Каспийн хоолойн үйл ажиллагааг 30 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. Каспийн хоолойн консорциум нь дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 1 хувийг бүрдүүлдэг төдийгүй АНУ-ын “Chevron”, “Exxon” зэрэг томоохон эрчим хүчний компаниудтай хамтран ажилладаг байна. 

Оросын шүүхээс энэхүү газрын тосны дамжуулах хоолой задарч, газрын тос байгаль орчныг бохирдуулах аюул тохиолдвол ямар арга хэмжээ авах талаар дүрэм журам тодорхойгүй байгаа гэх үндэслэлээр тус консорциумын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Харин Казахстаны консорциум Оросын шүүхийн дээрх шийдвэрийг няцаасан мэдэгдэл хийсэн бөгөөд давж заалдахаа мэдэгдсэн байна.

“Каспийн хоолойн консорциум нь ОХУ-ын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг тул ОХУ-ын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болоод байна. Бид зохих журмын дагуу давж заалдах болно” гэж тус байгууллагаас мэдэгджээ. Уг хоолойгоор Казахстаны газрын тосны экспортын 90 орчим хувь нь дамждаг бөгөөд Хар тэнгис дэх ОХУ-ын Новороссийск боомтоор гадаад зах зээлд хүрдэг байна. Тус хоолой нь жилд 67 сая тонн газрын тос дамжуулах хүчин чадалтай. Украины дайнтай холбоотойгоор АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд Оросын газрын тосны экспортод хориг тавьсан ч ОХУ-аар дамжин өнгөрч байгаа Казахстаны экспортыг зөвшөөрч байгаа юм.

Харин ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Виктория Абрамченко тус хоолойн байгаль орчинд үзүүлэх эрсдэлийг үнэлж, шалгах даалгаврыг хууль хяналтын байгууллагууддаа өгсний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан байна. Оросын хууль хяналтын байгууллага алдаа дутагдлаа засах үүргийг Каспийн хоолойн консорциумд өгсний дагуу хэдийн эрсдэлгүй болоод байсан талаар консорциумаас мэдэгджээ. Харамсалтай нь газрын тосны дамжуулах хоолойн үйл ажиллагааг зогсоох гэнэтийн шийдвэрийг ийнхүү гаргажээ.