Афганистаны бүс нутгаас Узбекистан руу пуужин харважээ

Өнгөрсөн мягмар гарагт Афганистаны нутаг дэвсгэрээс таван пуужин харвасан нь Узбекистаны зүүн өмнөд бүсийн нэгэн хотод унасан тухай Ташкентаас мэдээлжээ. Узбекистаны Гадаад хэргийн яамны мэдээлснээр Амударья мөрний эрэгт оршдог Термез хотын дөрвөн айлын сууц бага зэрэг гэмтсэнээс өөр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Пуужин харвасны дараа Узбекистаны Зэвсэгт хүчин сөнөөгч онгоцнуудаа нисгэсэн гэж байгаа ч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Узбекистаны Каракалпак мужид үндсэн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн үймээн самуун дэгдсэн юм. Энэ үеэр нийт 18 хүн амь үрэгдсэнийг Узбекистаны Ерөнхий прокурорын газар даваа гарагт мэдээлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзёевын санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлтөд Каракалпакстаны үндэсний цөөнхийн өөртөө засах эрхийг цуцлах заалт орсон нь эсэргүүцлийн хөдөлгөөн гарах шалтгаан болсон гэж мэдээлсэн юм. Гэвч Мирзёев сүүлд уг заалтыг шинэчлэлийн төлөвлөгөөнөөсөө хасах шийдвэр гаргаснаа зарлаад байна.