Гадаадын аялагчид Монголын уламжлалт зан заншил болон байгаль, зэрлэг ан амьтдыг үзэхээр ирдэг  

2021 оны эхний зургаан сард манай улсад гадаадын 11.474 жуулчин ирж байсан бол энэ оны эхний зургаан сард 73.161 хүн иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гадаад жуулчдын тоо 6 дахин өссөн байна. Ялангуяа үндэсний их баяр наадмын үеэр гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгддэг байна.

Гадаадын зарим жуулчид Монголын наадмыг маш том амралтын цаг гэж хардаг байна. Энэ үеэр хүмүүс амарч, зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг, үнэхээр сайхан баяр гэж хуваалцлаа. Харин зарим гадаадын бизнес эрхлэгчид наадмын баярын үеэр хэт олон хоног амраадаг нь бизнест сөргөөр нөлөөлдөг гэлээ.  

Судалгаанаас харахад дийлэнх гадаадын аялагчид Монголын хөдөө, уламжлалт зан заншил, соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтдыг үзэхээр ирдэг байна.

Манай улсад ирэх гадаадын жуулчдын тоог харвал энэ оны эхний зургаан сард ОХУ-аас хамгийн их буюу 36.445 жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 630.9 хувиар өсжээ. Өнгөрсөн 2021 оны эхний зургаан сард тус улсаас 4.986 жуулчин ирж байсан юм. Түүнчлэн эхний зургаан сард манай орны аялал жуулчлалын салбарын орлого 70.299.549 ам.доллар болж, 708.2 хувиар өсжээ.