1992 оноос Урианхай сурын харвааг Үндэсний их баяр наадмын сурын харвааны төрөлд оруулжээ

Эрийн гурван наадмын сур харвааны төрөлд Урианхай сурын харваа 1992 оноос багтаж эхэлсэн түүхтэй. Урианхай сур нь зөвхөн эрэгтэй хүн харвадгаараа халх сураас ялгаатай. 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ. Энэ жилийн Урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлсэн бөгөөд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь, Өмнөговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлжээ. Өвөг харваа буюу Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа гэгддэг бөгөөд Чингис хааны үеэс улбаатай гэдгийг харваачид хэлж байна.

Урианхай сурын Халх сураас ялгагдах өөр нэг онцлог нь харвах зай нь ойрхон буюу 40 метр байдаг. Хүн бүр 3 сум тавьдаг. Түүнчлэн харьцангуй хүнд, том булцуутай сумаар харвадаг байна. Урианхай сур харваа нь хавчаахай нумаар харвадаг. Энэ нь Хулс модыг матаж хийсэн 1,8-2 м урттай нум юм. Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах “Зуны сур харваа”, өвөл голын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн Урианхай сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.

Хоёр жил завсарласан баяр наадмаараа цэц мэргэнээ сорихоор аймаг бүрээс харваачид аль хэдийн зорин ирсэн байна.