Ши Жиньпин ОХУ-д айлчлахаас татгалзсан шалтгааныг Хятадын Гадаад хэргийн яамнаас тайлбарлалаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар цар тахлыг үл тоон Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд нягт холбоо харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна гэж Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь пүрэв гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр Ши Жиньпин Владимир Путины урилгыг хүлээж авахаас татгалзсан гэх Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан мэдээллийг ташаа болохыг цохон тэмдэглэжээ. 

“Цар тахал дэгдсэний дараа Хятад, ОХУ-ын удирдагчид янз бүрийн хэлбэрээр нягт харилцаа холбоогоо хадгалсаар байна. БНХАУ, ОХУ иж бүрэн түншлэлийн харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхийн тулд бүх түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж Жао Лизянь хэлжээ. Тэрбээр “Хоёр орны харилцаа амжилттай бэхжиж байна. Хятад, Орос улс хоёр талын хамтын ажиллагааны бүхий л салбарт үр бүтээлтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байна” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.

Ши Жиньпин цар тахлын улмаас Орос улсад айлчлах Путиний урилгад татгалзсан хариу өгсөн гэж Өрнөдийн хэвлэлүүд урьд нь мэдээлсэн юм. 6-р сарын 15-нд хоёр улсын удирдагч утсаар ярих үеэр Оросын тал айлчлах санал тавьсан гэдгийг тус улсын хэвлэлүүд онцолж байсан ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уг мэдээллийг худал ташаа гэж мэдэгдсэн байна.