Борис Жонсон дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл суудалдаа үлдэхээр болжээ

Олон удаагийн дараалсан дуулианд нэр холбогдож, тал талын дарамт шахалтад орсон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорлоо. Гэхдээ тэрбээр дараагийн Ерөнхий сайдыг тодрох хүртэл Засгийн газрыг тэргүүлж үлдэхээр болжээ.

Ирэх долоо хоногт Консерватив намын шинэ даргыг тодруулах сунгаа эхлэх юм. 10-р сарын эхээр болох намын жил тутмын хурлаар шинэ дарга тодрох төлөвтэй байна. Намын шинэ даргад Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Батлан хамгаалахын сайд Бэн Уоллос, хэдхэн хоногийн өмнө Сангийн сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцорсон Риши Сунак нарын нэр яригдаж эхэлжээ. 58 настай Борис Жонсоны нэр хүнд нэлээд унаж, намынхнаасаа ч дэмжлэг авахад хэцүү болсон тул огцрохоос өөр замгүй болж байна. 

Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд түүний Засгийн газрын зарим сайд нар хүртэл Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллахаас татгалзаж, огцрох өргөдлөө өгсөн юм. Цар тахлын хөл хорионы үеэр сайд нартайгаа нууцаар ууж наргисан, танхимынх нь гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг дараалсан дуулиан түүний нэр хүндийг унагаж, огцроход нөлөөлжээ. Дэлхийн 2-р дайны үеийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийг өөрийн шүтээн гэж үздэг тэрбээр Их Британийг Европын холбооноос гаргах хөдөлгөөнийг удирдаж, хэрэгжүүлсэн хүн юм. Борис Жонсон өчигдөр огцрох шийдвэрээ зарлахдаа “Нам доторх сүргийн сэтгэлгээ түүнийг явахад хүргэж байгааг” тайлбарлажээ. “Сүргийн сэтгэлгээ бол маш хүчтэй, сүрэг хөдөлбөл бүгд дагадаг. Найзууд минь, улс төрд хэн ч халдашгүй биш. Британийн олон нийтэд хандаж хэлэхэд, олон хүний сэтгэл амарч, цөөн хэд нь сэтгэл дундуур үлдэнэ гэдгийг би мэдэж байна. Энэ дэлхийн хамгийн сайхан ажлыг орхиж байгаадаа ямар их гунигтай байгааг минь та бүхэн мэдээсэй гэж би хүсэж байна. Гэсэн ч ийм зүйл болчихлоо” хэмээн Борис Жонсон хэлжээ.