Буриад харваа 1970 оноос албан ёсоор үндэсний харвааны нэг төрөл болжээ

Буриад харваа 200 жилийн түүхтэй. Харин улсын баяр наадамд 1970 оноос эхлэн албан ёсоор үндэсний харвааны нэг төрөл болон зохиогддог болжээ.

Монгол улсын гол ястны нэг бол Буриад монголчууд юм. Тэдний өвөг дээдэс байгаль нуурын ар өврөөр нутагтай гэж түүхэнд бичигдсэн байдаг. Эдүгээ Буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. Олон газраас Буриад Монголчууд Үндэсний баяр наадмаар цугларч Буриад харвааны тэмцээн наадамд оролцдог ч ойрын жилүүдэд цар тахлын улмаас оролцож чадахгүй байсаар байна. Буриад сурын харваа олон онцлогтой.

Мөн буриад сур ёс уламжлалаараа Халх, Урианхай харваанаас өөр байдаг. Үүний нэг нь Буриад харваан уухайн дуулал нь юм.

Мөн Буриад харвааны онцлог нь үндэстний дээл, малгай, гутал эдлэл хэрэгсэл юм. Жишээ нь эмэгтэй харваачид эхнэр, охин гэх дээлийг ялгаж өмсдөг байна. Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илүүр хормойг нь хар болон бараан өнгийн эдээр хөвөөлөн эмждэг. Ханцуйн мөр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Мөн Буриадууд Годохон хэмээх гөрөөсний арьсан гутал өмсдөг.

Буриад харвааны бас нэг чухал ёс заншил бол айл хотлоороо наадан тоглохдоо Буриад сураа харвадаг байна. Мөн  бага наснаасаа үндэсний дээл хувцсаа өмсөж сур харваагаар хичээллэдэг юм.