Буриад харваанд оролцож байгаа харваач эхний 32 сумнаас 24 сум онож, дараагийн үед орох эрхээ авна

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. Харин өнөөдөр Буриад сурын харваа болж байна. Буриад сурын харваа нь энэ жилээс эхлэн шинэ дүрмийн дагуу явагдаж байгаа юм. Нийт 64 сум тавьдаг байсан бол одоо эхний 32 сумнаас шигшиж хасах байдлаар дүрэм өөрчлөгдсөн байна.

Урьд жилүүдэд насны эрэмбээр сумаа тавьдаг байсан бол одоо цолны эрэмбээр сумаа тавьж байна. Буриад сур нь Урианхай, Халх суртай харвах техник адилхан хэдий ч харвах зай, онох бай, уухайлах уухай нь өөр байдаг. Бусад сурын харваанаас харвах зайгаараа их онцлогтой бөгөөд 45 метрээс 8 сум, 30 метрээс 8 тус тус  тавьдаг. Буриад харваанд нийт 64 сум тавих ёстой бол хамгийн өндөр оноо авсан харваач түрүүлдэг байна.

Энэ жилийн онцлог нь Буриад харвааны дүрэм өөрчлөгдөж харваачдын цэцийг улам их сорьж байна. Өөрөөр хэлбэл Буриад сурын харваанд оролцож байгаа бүх харваачид Буриад сурын тэмцээнд тавих 64 сумаа гүйцэд тавих боломжгүй болжээ. Эхний 32 сумнаас 24 сум онож байж дараагийн сумаа тавих эрхээ авна. Эхний 32 суманд хэрэв 24 онохгүй бол үргэлжлүүлэн тэмцээнд оролцох боломжгүй болох ба тэмцээнээс хасагдах журам хэрэгжиж байна.

Энэ жил Буриад сурын харваанд 130 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Улсын баяр наадмаар цол олгодог. Харин Буриад сурын цол олгох дүрэм бусад харваанаас өөр байдаг байна. 64 сум тавьснаас 57 оновол спортын мастер, 54-өөс дээш онож байж дэд мастерын болзол хангадаг байна.