Өргөтгөлийн ажил дуусаагүй байгаа ЕБС-ууд өөр байранд сурагчдаа хүлээн авч байна

Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх ерөнхий боловсролын сургууль байхгүй талаар салбарын яамнаас мэдээлсэн. Гэвч сургуулиудын их засвар болон өргөтгөлийн ажил дуусаагүйгээс олон сургуулиуд түрээсийн байранд  хичээллэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл болоод барилга байгууламжийн 176 төсөл үргэлжилж байна. Эдгээрээс хугацаандаа амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байгаа бол он дамжиж удааширч хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа сургуулиуд ч байна. Хугацаандаа өргөтгөлөө амжилттай үргэлжлүүлж байгаа Нийслэлийн 28-р сургууль Монголын үндэсний их сургуульд хичээллэж байгаа юм байна.

Хугацаандаа гүйцэтгэлээ хийж чадалгүй сурагчдын сурах эрхийг хангаж чадахгүй байгаа 5-р сургуулийн төсөл байна. Уг төсөл Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм.

Өргөтгөл шинэчлэлийн ажил хурдан шуурхай хийгдэж ашиглалтад орох өдрийг сурагчид хүлээсээр байна. Иймд холбогдох байгуулагууд анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэйг иргэд хэлж байна.