Туслах малчдын хөдөлмөрлөх эрхийн асуудал хөндөгдөж байна

Уламжлалт мал аж ахуй хөгжиж, олон малтай айл өрх нэмэгдэхийн хэрээр туслах малчны эрэлт хэрэгцээ ч нэмэгддэг байна. Гэвч туслах малчдын эрх зөрчигдөх, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол байсаар байгаа тул туслах малчдыг чадавхжуулж, хүний эрхийн сургалтад хамруулжээ.

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс болон Европын холбоо хамтарч туслах малчдад тулгамдаж буй асуудал хүний эрхийн талаарх үндсэн ойлголт, эзэн малчин болоод туслах малчдын хоорон дахь хөдөлмөрийн гэрээ болон санхүүгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтад 400 гаруй айл өрх хамрагджээ.

Эзэн малчид туслах малчидтай харилцахдаа харилцааны алдаа гаргах, тэднийг дутуу үнэлэх, хөдөлмөрийн мөлжлөгт оруулах тэр бүү хэл хүчирхийллийн хохирогч болох тохиолдол ч байсаар байна. 

Туслах малчны хөдөлмөрийн онцог нь гэр бүлээрээ шахуу хөдөлмөрлөдөг бөгөөд эмэгтэйчүүдийн асуудал ч мөн давхар хөндөгддөг. Тийм учраас туслах малчин эмэгтэйчүүдэд өөрсдийн эрхийг хамгаалах зөрчигдсөн тохиолдолд хаана хандах зэрэг мэдээллийг ч мөн олгосон байна.

Төслийн хүрээнд дунд шатны үр дүнг шинжилж үзэхэд 88.9 хувьтай гарсан бөгөөд төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 400 гаруй айл өрхийн туслах малчдад эерэг үр дүн гарна гэж харж байна.