Төгрөгийн эсрэг чангарсан ам.долларын ханш тогтвортой үргэлжлэн өссөнөөр ам.долларын эрэлт нэмэгдэж олдоц муу болоод байна. Энэ оны тухайд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 12 хувиар суларсан. Төв банкнаас гаргасан өнөөдрийн ханшаар ам.доллар 3220 төгрөгтэй тэнцэж байгаа бол найман шарга валютын зах дээр 3285 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг унаснаар иргэдийн дунд эрэлт үүсэж долларын хомсдол үүсээд байна.
Валютын ханш цаашид хэрхэх нь манай улсын гадаад нөхцөл байдал болоод уул уурхайн экспортоос шалтгаалж байна. Мөн БНХАУ-ын явуулж байгаа “0 ковид" бодлого болоод Орос Украйны нөхцөл байдал хүндээр нөлөөлж байна. Харин Монгол банкны зүгээс Монгол улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэх хандлагатай байна гэсэн юм.
Энэ оны эхний хагас жилийн эцсээр инфляц 16,2 хувьтай гарсан. Үүн дээр нэмэгдэн ам.долларын ханш эрчимтэй чангарснаар иргэдийн худалдан авалт болоод бусад гүйлгээнд дарамт учруулж байгаа юм.