Их британийн хатан хаан II-Р  Элизабетийн шарилыг Эдинбург хотод хүргэжээ

Их британийн хатан хаа II-р Элизабетийн шарилыг тээсэн тээврийн хэрэгслийн цуваа Шотландын нийслэл Эдинбург хотод иржээ. Уг цуваа  өнгөрсөн долоо хоногт 96 насандаа таалал төгссөн хатан хааны Шотланд дахь зуны өргөө болох Балморал шилтгээнээс ням гарагт хөдөлсөн байна.

Хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр уй гашууд автсан олон зуун цуваа хөдөлж зам дагуу зогссон байжээ. Хатан хааны шарилыг өчигдөр  Эдинбург дахь Холирудхаус ордонд хүргэх юм. Түүний дараа гэгээн Жайлсын сүмд 24 цагийн туршид байлган олон нийтийн зүгээс хатан хаанд хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг эх сурвалжууд мэдэгджээ. Өнөөдөр шарилыг агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд хүргэж, улмаар дараагийн өдөр нь Вестминстерийн сүм рүү шилжүүлэх юм байна. Хатан хааныг эцсийн замд нь үдэхийн өмнө хүндэтгэл үзүүлэх боломжийг олон нийтэд олгохын тулд шарилыг дөрвөн өдрийн турш тус сүмд байлгана гэж мэдээлжээ.

Хатан хааныг таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын удирдагчид эмгэнэлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, “байнгын өөрчлөгдөн хувьсаж байгаа дэлхий ертөнцөд хатан хаан II-р Элизабет үе үеийн Их Британичуудын, ялангуяа түүнгүйгээр эх орноо хэзээ ч төсөөлж чадахааргүй олон хүмүүсийн хувьд тогтвортой оршихуй, тайтгарал, бахархлын ундарга нь байсан юм. Түүний алдар суу Их Британийн түүхийн хуудаснаа төдийгүй дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзэлнэ” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Их Британийн шинэ түүхийн хамгийн чухал үйл явдлууд эрхэмсэг хатан хааны нэр төртэй салшгүй холбоотой. Хатан хаан II-р Элизабет олон арван жилийн туршид ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг зүй ёсоор хүлээгээд зогсохгүй олон улсын тавцанд ихээхэн нэр хүндтэй хүн байсан” хэмээн мэдэгджээ. Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хатан хаан II-р  Элизабет таалал төгссөнд Хятад улсын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувийн зүгээс Британийн хааны удмын гэр бүл, засгийн газар, ард түмэнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Их Британийн түүхэнд хамгийн удаан хаан сэнтийд заларсан тэрээр манай улсад айлчилсан Их Британийн анхны хатан хаан байсан. Британийн ард түмний хувьд асар их гарз хохирол учирлаа” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Хатан хааныг оршуулах ёслол энэ сарын 19-ний өдөр болно.