ОУВС: Хахир хатуу өвөл Европт нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй

Олон улсын валютын сангийн тэргүүн өнгөрсөн пүрэв гарагт “хахир өвөл, эрчим хүчний хямрал зэрэг нь  Европт  эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй” хэмээн мэдэгджээ. ОУВС-ийн тэргүүн Кристиналина Георгиева Вашингтонд болсон холбооны нөөцийн сангийн хуралдаанд оролцох үеэрээ дээрх мэдэгдлийг хийжээ.

Кристалина Георгиева Вашингтон хотноо болсон холбооны нөөцийн сангийн хуралд оролцох үеэрээ хэлэхдээ "Зарим улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, эсвэл эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх вий гэсэн айдас үүсэхээс болгоомжилж байна " гэжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэв байгаль эх биднийг харж үзэхгүйгээр хахир хатуу өвөл болбол нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй” гэдгийг анхааруулжээ.

Дэлхийн эдийн засаг цар тахал, Орос, Украины дайн гэсэн дараалсан хоёр цохилтод нэрвэгдээд байгаа нь эдийн засгийн “аймшигтай” үр дагавруудыг бий болгож, улмаар эдийн засгийн уналттай холбоотой болгоомжлолыг төрүүлж байгааг ОУВС-гийн тэргүүн цохон тэмдэглэжээ. Европын төв банкны хувьд инфляцтай тэмцэхээс гадна эдийн засгийг тогтвортой байлгах байр сууриа баримтлахын тулд мөнгөний бодлогын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатай болж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. ОУВС өнгөрсөн 7-р сард дайн болон санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан еврогийн бүсийн энэ оны өсөлтийн урьдчилсан таамаглалыг 0.2 хувиар бууруулж, 2.6 хувьд, ирэх оныхыг 1.1 хувиар бууруулан 1.2 хувьд тус тус хүргэсэн юм.

Дэлхий даяарх төв банкнууд инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж байгаатай холбоотойгоор 2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орж болзошгүйг Дэлхийн банк өнгөрсөн пүрэв гарагт анхааруулжээ. Төв банкнууд энэ онд бодлогын хүүгээ сүүлийн 50 гаруй жилд үзэгдээгүйгээр өсгөөд байгаагаар зогсохгүй ирэх жилд ч энэ байдал үргэлжилж магадгүй байна гэж дэлхийн банкны шинэ судалгаанд бичсэн байна.