Япон улсад хар салхины аюул нүүрлэхээс урьдчилан сэргийлж 9 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, 700 гаруй нислэгийг цуцалжээ

Японы Кюшю арлыг дайрч, зүүн хойд зүгийг чиглэн хөдөлж буй "Нанмадол" хар салхины улмаас 700 гаруй нислэг цуцлагджээ. Мөн тус хар салхины улмаас Япон улс даяар ширүүн бороо орсон тул бүс нутгийн 9 сая гаруй хүнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, нүүлгэн шилжүүлжээ.

Өчигдөрийн байдлаар хар салхины голомт Кюшю арлын хойд хэсэгт орших Фүкүока мужийг дайрч, зүүн хойд зүг рүү секундэд 4 метрийн хурдтайгаар аажмаар хөдөлж байна гэж Японы цаг уурын албанаас мэдээлжээ. Мөн хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хар салхи өнөөдөр зүүн хойшоо чиглэж, Япон тэнгисийн эрэг орчмыг дайран өнгөрснөөр лхагва гарагт тус улсын төв хэсэгт хүрч болзошгүй байгаа юм байна.

Мөн хар салхи Японы нийслэл Токио хотын бүсэд нөлөөлжээ. Энэ бүсэд цаг агаарын байдал муу байгаагаас Токио хотыг Канагава, Чиба мужуудтай холбодог гатлага онгоцны хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ.