УДБЭТ-т 1996 оноос хойш анх удаа гадна их засвар хийгдэж байна
Ази тивдээ ганцхан байдаг Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 1950 онд ашиглалтад орсноос хойш 72 жилийн хугацаанд их засварын ажил огт хийгдээгүй байна. 2022 оны улсын төсөвт тус театрын дээвэр болон гадна их засварын зардлыг тусгаж өгснөөр өнгөрөгч дөрөвдүгээр сараас засварын ажил хийгдэж эхэлжээ. 

Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чимэглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан Монголын ахмад уран бүтээлчид урлаж, ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш 1996 онд дээврийн төмрийг хэсэгчилэн солих, гадна өнгийг сэргээх засварын ажил хийгдэж байснаас хойш 26 жилийн хугацаанд огт засварын ажил хийгдээгүй байна. Соёлын яам 2022 оны улсын төсвийн хүрээнд УДБЭТ-ын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлуулснаар энэ оны хоёрдугаар сард тендер нь зарлагдаж, засвар, шинэчлэлийн ажил хийгдэж эхэлжээ.

ТЕАТРЫН ИХ ЗАСВАР ХИЙГДСЭНЭЭР БАРИЛГЫН НАСЖИЛТ 50 ЖИЛЭЭР УРТАСНА ГЭЖ ТООЦООЛЖЭЭ

2020 оны 10-р сард барилгад хийсэн оношилгооны дагуу хуучин шавардлагыг буулган шинээр шавардлага хийн, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлаж, барилгын дулаалгыг шинэчилж байна. Ингэснээр барилгын насжилт 50 жилээр уртасна гэж тооцоолжээ. Улсын өвд тооцогдох барилгын архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал болон чимэглэлийн хэсгүүдийг мэргэжлийн барималчид нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

УДБЭТ-ЫН ДОТООД ЗАСВАР, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ БҮРЭН ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

72 жилийн түүхтэй барилгын гадна засварын ажил хийгдэж байгаа ч дотоод орчин он цагийн элэгдэлд оржээ. Театрт ирж байгаа үзэгчдийг тав тухтай байлгахын тулд зөвхөн угтах хэсгийг өөрсдийн нөөц боломжоор тохижуулж, засварлаж ирсэн байна. Цаашид театрын засварыг бүрэн хийж, техник тоног төхөөрөмжийг шинэчлэж өгвөл дэлхийн хэмжээний сонгодог болон үндэсний сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ толилуулж, соён гэгээрүүлэхэд  боловсон хүчний хувьд хаана ч гайхагдахаар байгаа гэдгийг театрын удирдлагууд хэлж байсан юм. Азидаа ганц гэгддэг сонгодог урлагийн театрын гадна засварын ажил 11-р сарын 1 гэхэд дуусах товтой байна.