Польш улсын эрх баригчид БНСУ-аас танк, их буу худалдаж авахаар болжээ

Польш улсын эрх баригчид өнгөрсөн 7-р сард Батлан хамгаалахын салбарынхаа тоног төхөөрөмжийн нөөцөө сайжруулах, ОХУ-ын болзошгүй эзлэн түрэмгийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор зэр зэвсгийн томоохон худалдан авалтууд хийхээ мэдэгдээд байсан юм. Харин өчигдөр тус улсын Батлан хамгаалахын яам албан ёсоор Өмнөд Солонгосоос 1000 гаруй танк, 600 гаруй өөрөө явагч их буу, 50 орчим FA-50 төрлийн сөнөөгч онгоцнуудыг 3 тэрбум ам.доллароор худалдан авна гэдгээ мэдэгдсэн талаар “CNN” агентлагаас мэдээлжээ. Уг ажлын хүрээнд БНСУ-ын “HYUNDAI” компанийн удирдлагууд автомат цэнэглэгч бүхий 120мм-ийн буугаар тоноглогдсон 180 ширхэг K-2 танкийг Польшийн талд энэ ондоо багтаан хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна. Мөн “HANWHA DEFENSE” компани энэ ондоо багтаан 50 ширхэг K-9 загварын өөрөө явагч их бууг Варшавын талд хүлээлгэн өгөхөөс гадна 2024 он хүртэл 600 ширхгийг нийлүүлэх юм байна. Түүнчлэн 2026 он гэхэд Польш улсад өөрийн үйлдвэрээ нээхээр төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.

Тэгвэл “KOREA AEROSPACE INDUSTRIES” компанийн болон АНУ-ын Батлан хамгаалахын зэр зэвсэг үйлдвэрлэгч алдарт “LOCKHEED MARTIN” компанийн инженерүүдийн хамтран зохион бүтээсэн 50 ширхэг FA-50 тийрэлтэт онгоцнуудыг 2025 онд багтаан хүлээн авахаар тохиролцсоноо Польшийн Батлан хамгаалах яамнаас өчигдөр мэдэгдсэн байна.

Өрнөдийн зэр зэвсэг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажилладаг БНСУ-ын компаниудын технологийн дэвшил нь хуучин ЗХУ-ын үеийн цэргийн техник хэрэгслийг ашиглаж байгаа улсуудын эрэлтийг хангахад чиглэгдэж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний засгийн газар Украины дайн эхлэхээс өмнө Иран, Турк, Индонез, Тайланд зэрэг улсуудад цэрэг армийн техник хэрэгсэл борлуулах гэрээ байгуулаад байсан юм. Тэгвэл Украины нөхцөл байдалтай холбогдуулан зэр зэвсгийн эрэлт ихэссэн нь одоогийн ерөнхийлөгч Юн Сок Ёлийн хувьд давуу тал болоод буйг “CNN” онцолсон байна.