НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы өндөр түвшний уулзалт мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлсэн байна. Ирэх өдрүүдэд дэлхийн улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд НҮБ-ын индрээс илтгэл тавьж, үгээ хэлэх бөгөөд хоёр талт болон олон талт уулзалтууд өрнөж, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.
Уулзалтуудын үеэр улс орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд цар тахал болон бусад халдварт өвчинтэй хийх тэмцэл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, хөгжиж буй болон ядуу буурай орнуудын өрийн дарамт, хүнсний хямрал, зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. Энэ удаагийн чуулган олон улсын тогтолцооны хувьд сорилт болно гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлсэн байна.
Дөрвөн улсын дэд ерөнхийлөгч, 61 улсын засгийн газрын тэргүүн нар улс орнуудаа төлөөлөн оролцож байгаа бол хэд хэдэн орноос шадар сайд, гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирээд байна. Их британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд оролцсонтой холбогдуулан зарим удирдагчийн үг хэлэх хөтөлбөр өөрчлөгдсөн байна. Тухайлбал, Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трасс Ерөнхий Ассамблейд 9-р сарын 22-ны орой илтгэл тавих төлөвтэй байна. Германы канцлер Олаф Шольц есдүгээр сарын 23-нд үг хэлэх ёстой. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 9-р сарын 24-нд илтгэл тавихаар төлөвлөж байгаа бөгөөд мөн энэ өдөр шадар сайдын түвшинд оролцох Хятадын төлөөлөгчид үг хэлнэ гэж мэдээлж байна.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд зэрэгцэн нүүрлэж буй олон хямрал тогтвортой хөгжлийн зорилгод товлосон хугацаандаа хүрэхэд аюул учруулж байгааг анхааруулаад, дэлхий дахиныг хэвийн голдиролд нь эргэн оруулах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл, үл итгэлцэл, хуваагдал, ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, мөн хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа зэрэг нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх боломжийг улам бүр хязгаарлаж байгааг цохон тэмдэглэсэн байна.