Судалгаагаар дэлхийн урлагийн зах зээлийг Хойд Америк, Европ, Азийн улсууд эзэлж байна
Дэлхийн хөгжингүй улс орнууд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийн дэмжлэг үзүүлж, ухагддаг бус нөхөгддөг баялагаар эдийн засгаа өргөжүүлж байна. Тухайлбал, 2018 оны судалгаагаар БНСУ-ын “BTS” хамтлаг гэхэд л дангаараа улсынхаа ДНБ-ий 0.3 хувийг бүрдүүлжээ. Харин манай улс соёлын бүтээлч үйлдвэрлэлийг үе шаттайгаар өргөжүүлж чадвал 1.4 хувьтай байгаа ДНБ-ий эзлэх хувийг 4 хувьд хүргэх боломжтой гэж тооцоолж байна.

Deloitte компаниас гаргасан “Урлаг ба Санхүү” олон улсын тайланд дурдсанаар дэлхийн урлагийн зах зээлийг Хойд Америк, Европ, Азийн орнууд эзэлж байна. Ази дундаа БНХАУ архитектур, театр, ваарын урлалаар тэргүүлж байгаа бол БНСУ хамтлаг дуучид, кино урлаг, телевизийн салбараараа тэргүүлж байна.

1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр тухайн үеийн Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жүн мэдээллийн технологи, соёлын бүтээгдэхүүнийг ирээдүйн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгосон гэдэг. Ингэснээр Засгийн газар нь өндөр технологийн гарааны компаниуд, поп урлагийн студиудэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр тус улсын урлаг соёлын салбар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. 2000 он гэхэд Өмнөд Солонгосын соёлын экспортын орлого 500 сая ам.доллар байсан бол жилээс жилд өссөөр 2014 онд 11.6 тэрбум ам.доллар болсон байна. 

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХ БОЛОМЖТОЙ

Тэгвэл Хятад улс кино театрын тасалбар борлуулалтын орлогоороо дэлхийд тэргүүлж байна. “BFM” телевизийн 2021 оны судалгаагаар Хятад улс тасалбар борлуулалтаас 7.3 тэрбум доллар олжээ. 2021 онд 697 шинэ кино үйлдвэрлэсэн бөгөөд одоо тус улсад 82 мянган кино театр үйл ажиллагаа явуулдаг байна.

Дээрх жишээнүүдээс харахад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг улсаас бодлогоор дэмжих нь эдийн засагт томоохон үр нөлөөтэй харж болохоор байгаа юм. 

МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 1.4 ХУВИЙГ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР БҮРДҮҮЛДЭГ

Олон улсын судалгаагаар ойрын хугацаанд дэлхийн ДБН-ий 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзжээ. 2020 оны байдлаар Кино урлагийн салбар 234 тэрбум ам.доллар, Дижитал тоглоом хөгжүүлэлт 173 тэрбум ам.долларын зах зээл бүрдүүлжээ. Тэгвэл энэ зах зээл таван жилийн дотор 2 дахин өсөх хандлагатай байна. Харин Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэл днб-ний 1.4 хувь буюу 481.4 тэрбум төгрөгийн зах зээлд 33 мянган ажлын байрыг бий болгоод байна. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгаа тэлэхийн тулд төрийн зөв бодлого болон салбар дундын уялдаа холбоо чухал гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.