Лавлагаа мэдээллийн 74 нэр төрлийн тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулахыг шаардахгүй

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Монголын нотариатчидын танхим хамтран төрийн мэдээллийн e-mongolia системээр дамжуулан хүлээн авах боломжтой зарим лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан, нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

Иргэн хувийн мэдээллээ төрийн мэдээллийн сангаас өөрийгөө мөн гэдгийг батлан авсан хэдий ч дахин гуравдагч этгээд болох нотариатын байгууллагаар батлуулах шаардлага тавьж байгаа нь иргэдийн шүүмжлэлд ихээхэн өртөж байсан юм. Харин Цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн  үйлчилгээг иргэдэд хүндэл чирэгдэл учруулахгүйн үүднээс нотариатын үйлдлийг цахим болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Мөн иргэн хуулийн этгээдийн хувийн байдлыг  зөвхөн тоон гарын үсгээр баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр болсон байна. Иргэдэд өдөр тутамд  хэрэглэгддэг бичиг баримт, тодорхойлолт зэргийг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон байна. Тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ,  оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл  төлөлтийн зэрэг 74 төрлийн лавлагаа мэдээллийн  тодорхойлолт багтаж байгаа юм. Энэ мэдээллийг цахим хөгжил харилцаа холбооны яамны сайтаас авч болно.

Мөн нотариатын байгууллага нь төрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, туслах үүргийг давхар гүйцэтгэх ёстой байдаг.

Хэрэв дээрх шийдвэрийг зөрчиж  төрийн аливаа алба, албан хаагч шаардлагагүй болсон лавлагаа мэдээллийг нотариатаар батлуулахыг шаардвал 1111 төвд гомдол мэдээллээ хүргүүлж, шалгуулах боломжтой юм байна.