Өнгөрсөн долоо хоногт Ираны Курдистаны бүс нутгаас Техран хотод ирсэн 22 настай Махса Амини хэмээх бүсгүй "Тохиромжгүй хувцас өмссөн" гэх шалтгаанаар цагдаад баривчлагджээ. Харамсалтай нь тэрээр баривчилгааны үеэр амиа алдсан бөгөөд түүний үхэл Иран улсын иргэдийн дургүйцлийг төрүүлж, олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн юм.
Өнөөдрийн байдлаар тус улсын 50 гаруй хот, сууринд эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа төдийгүй 2019 онд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын давлагаанаас хойших хамгийн том жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байна. Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамгийн сүүлийн мэдээгээр цагдаа нар жагсаалыг тараах үеэр 10 жагсагч амиа алдсан байна.
Курд үндэстэн эмэгтэй Махса Амини нь Хижабын хуулийг зөрчиж, толгойн алчуураа нүүрнийхээ тал хэсэг хүртэл унжуулан зүүсэн шалтгаанаар цагдаа нарт баригдсанаасаа хойш гурван хоногийн дараа буюу энэ сарын 16-нд гэнэт зүрх нь зогсож, амьсгал хураажээ. Харин ар гэрийнхэн нь түүнийг ямар нэгэн зүрх, судасны өвчинтэй байгаагүйг удаа дараа мэдэгдсэн бөгөөд эцэст нь хэвлэл мэдээллийн байгууллагад хандсанаар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүрсэн байна.
Тэгвэл Ираны нийслэлд эмх замбараагүй байдал бий болгох зорилгоор санаатайгаар жагсаал зохион байгуулж байна хэмээн үзэж байгаагаа Техраны захирагч Мохсен Мансури твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Төрийн далбааг шатааж, зам дээр шатахуун асгаж, чулуу шидэж, цагдаа нар руу халдаж, олон нийтийн өмчийг сүйтгэж байгаа нь энгийн иргэдээс гарах үйлдэл биш, харин санаатайгаар үймээн самуун дэгдээж байгаа террорист үйлдэл гэж тэрээр жиргэжээ.
Одоогоор тус улсын эрх баригчид facebook, whatsapp зэрэг цахим сүлжээний хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, зарим бүс нутаг дахь интернет холболтын сүлжээг таслаад байгааг тус улсын иргэд хэлж байна.