Өнгөрсөн ням гарагт Филиппин улсад дэгдсэн хар салхины улмаас таван аврагч амиа алджээ. Мөн орон сууцнууд үерт автаж, олон сая хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Тус улсын нийслэл Манила хотоос хойд зүгт орших Сан Мигель дүүрэгт аврагчид аврах ажиллагаа явуулж байх үедээ үерт урсан амиа алдсныг холбогдох албаныхан мэдээлжээ.
Тус улсын 110 сая хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Лузон арлыг цагт 240 км-ийн хурдтайгаар дайрсан хар салхи ихээхэн хэмжээний хохирол дагуулахаар байгааг албаныхан анхааруулсан байна. Гамшгийн өндөр эрсдэлтэй бүсээс иргэдийг шуурхай нүүлгэн шилжүүлэх ажил эрчимтэй явагдсаар байна. Филиппины нийслэл Манила хотод мөн хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт, үер усны гамшиг тохиож болзошгүй байгааг анхааруулж байгаа юм. Өнгөрсөн оны 12-р сард тус улсыг дайрсан “Рай” хэмээх хар салхи 400 орчим хүний амийг авч одсон юм.
Филиппин улсын цаг уурын байгууллагаас мэдээлж байгаагаар даваа гаргаас эхлэн хар салхины дараах аадар бороо орж байгаа тул үер усны аюулаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Мөн одоогоор 20 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж, хоргодох байрт хүргээд байгааг холбогдох албанаас мэдээлж байна.