Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа

Манай улсад албан бус тоогоор 220.000-250.000 гэрийн тэжээвэр амьтан байна гэх судалгаа бий. Гэвч судалгаанаас цаашлахгүй, өнөөг хүртэл гэрийн тэжээвэр амьтны хууль манай улсад байгаагүй юм. Тэгвэл өнөөдөр 9 бүлэг 52 зүйлтэй “Гэрийн тэжээвэр амьтны” хуулийн төслийг  “Азтай савар” ТББ-ын төлөөллүүд УИХ-ын даргад өргөн барьжээ.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байдаг юм байна. Тэгвэл нийт өрхийн 25 хувь нь гэртээ тэжээвэр амьтантай. Гэр хороололд амьдардаг айл өрхийн 54 хувь нь, орон сууцны айл өрхийн 12 хувь нь тэжээвэр амьтантай ажээ.2020 онд нохойнд хазуулсан 3850 орчим тохиолдол бүртгэгдсэнэс хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй бөгөөд хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхдүүд байгаа юм. Найман нохой тутмын нэг нь бэтэг өвчин үүсгэгчтэй байна гэсэн судалгаа байгаа тул энэхүү хуулийн төсөлд байгаль орчин, эрүүл мэндтэй холбоотой заалтуудыг ч тусгажээ.

Хүний хамгийн сайн анд нөхөр бол гэрийн тэжээвэр амьтан гэдэг. Гэр оронгүй, хариуцах эзэнгүй нохой муурны тоо толгой нэмэгдэхийн хэрээр амьтдын эрх зөрчигдөж давхар иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал,  хүрээлэн буй орчны асуудал хөндөгддөг. Иймд гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эзний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх болоод эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, үржүүлэх зэрэг асуудлуудыг хуулиар зохицуулах юм.

Нэг охин нохой жилд дунджаар 16 гөлөг төрүүлдэг тэгвэл үржсээр гурван жилийн дараа 512 хүрдэг байна. Харин муурны тухайд жилд 24 зулзага төрүүлж   гурван жилийн дараа 11 мянгад хүрдэг гэх тооцоо байна. Монгол улсын тухайд зөвхөн нэг жилийн дотор 100.000 орчим эзэнгүй нохойг устгаж түүнд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтны эзэн 18-аас дээш насны хуулийн хариуцлага хүлээх чадвар бүхий иргэн байх, нохой муурыг бүртгэлжүүлэх бичил чипийг суулгах, олон нийтийн газар салхилуулахдаа зориулалтын хэрэгсэл хошуувч зэрэгтэйгээр авч явах зүйл  заалтууд тусгагджээ.