Монгол улсад телевизийн салбар үүсэж, хөгжсөний болон Монголын үндэсний олон нийтийн телевиз анхны эфирээ цацсан түүхт 55 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1964 оны 4-р сард тухайн үеийн улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар Монгол улсад телевиз байгуулах тухай анх яригджээ. Улмаар “Монголын зурагт радио” нэртэйгээр Монголын анхны телевиз байгуулагдаж 1967 оны 7-р сарын 11, 8-р сарын 15-ны өдрүүдэд хоёр удаагийн туршилтын нэвтрүүлгийг амжилттай явуулснаар тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гарсан байна. 1967 оны 9-р сарын 27-ны өдөр 16 цаг 50 минутад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Б.Хишгээ, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Чулуунбат нар телевизийн анхны эфирийг нээж хөтөлж байсан нь Монголын телевизийн түүхийн эхлэл болжээ.
Телевиз анх байгуулагдахдаа зөвхөн даваа, пүрэв, бямба, ням гарагуудад шууд дамжуулалтаар ард олонд хүрдэг байлаа. Харин 1970-аад оноос сансрын холбооны хиймэл дагуулын “Орбит” станц ашиглалтад орж, Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлэгийг дэлгэцээр дамжуулдаг болсон юм. Монголын үндэсний радио телевиз 1980 оны олимпийн наадам, 1981 онд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай гэхчилэн улс орны чухал үйл явдлуудыг шууд дамжуулан үзүүлж байлаа. 1990 оны эхэнд өрнөсөн нийгмийн өөрчлөлт манай улсад хувийн хэвшлийн телевиз байгуулагдах эхлэлийг тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 80 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр телевизүүд олон улсын шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо нутагшуулж, үндэсний томоохон контентуудыг бэлтгэн хүргэж байна. Түүнчлэн олимп, олон улсын томоохон наадмуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар шууд дамжуулан үзэгчдэд хүргэсээр байна.