Японы засгийн газар даваа гарагт хуралдсаны дараа мэдэгдэл гаргаж, өнгөрсөн долоо хоногт тус улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр зарласан шинэ хориг арга хэмжээг албан ёсоор баталсан юм. Ингэснээр Япон улсын эрх баригчид ОХУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг ээлжит хориг арга хэмжээгээр химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүнээ ОХУ-руу экспортлохыг хориглох шийдвэр гаргажээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Япон улс химийн зэвсэгтэй холбоотой бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлохыг хориглож, ОХУ-ын шинжлэх ухааны лаборатори зэрэг 21 байгууллагыг экспортын хоригт багтаах зорилт тавьжээ. Тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироичи Мацуно даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “ОХУ Украины нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүйд Япон улс ихээхэн санаа зовниж байна. Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж Украиныг дэмжиж, ОХУ-д хориг арга хэмжээ авна” гэжээ.
Өмнө нь Япон улсын эрх баригчид ОХУ-ын 70 иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг царцааж, Орос улсын батлан хамгаалах салбартай холбоотой 90 гаруй байгууллагад экспортын нэмэлт хориг арга хэмжээ аваад байсан юм.