Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах үедээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрлөө

Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулах үедээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны хүчээ зузаатгахын тулд хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах үедээ алдаа гаргаснаа дурдаж, тэдгээрийг засаж залруулах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын эрх баригчид цэргийн хэсэгчилсэн тусгай ажиллагаа зарлах үедээ өмнө нь цэргийн алба хаасан 18-50 орчим насны иргэдийг Украин руу илгээнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Харин бодит байдал дээр архаг хууч өвчтэй, өндөр настан, олон хүүхэдтэй эрчүүд, цэргийн алба хааж байгаагүй, 18-аас доош насны хүүхдүүд, оюутнуудад цэргийн зарлан дуудах хуудас илгээсэн нь алдаатай шийдвэр болж, иргэдийнх нь дургүйцлийг хүргээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан хэдэн зуун мянган ОХУ-ын иргэд эх орноо орхин гарахаас өөр аргагүй болоод байна. Тэгвэл Владимир Путин энэ мэт олон алдаатай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг түргэн хугацаанд засаж залруулна гэх амлалтыг өгчээ.

Үүнээс гадна пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зуржээ. Баримт бичгийн эх бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тул уг зарлигийг хүчин төгөлдөр болсон гэж тодорхойлжээ.

 "НҮБ-ын дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрч, баталж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан үзсэний дагуу шийдвэрийг гаргаж байна" гэж  эх бичигт дурджээ.

 Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш твиттер хуудсандаа бичихдээ, “Аливаа нэг улсын нутаг дэвсгэрийг заналхийллийн үр дүнд эсвэл хүч хэрэглэн өөртөө нэгтгэх нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм" гэсэн байна. ОХУ-ын эрх баригчид 2-р сарын 24-нд Украин руу довтлохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын цэргүүдийн үйлдлийг эдгээр улсад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас гэж тайлбарласан боловч Оросын арми зөвхөн Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад хэсгийг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир зэрэг нутгийг эзлэхийг оролдсон. Одоо Оросын цэргүүд Херсон мужийг үндсэндээ бүхэлд нь, мөн Запорожье, Донецк, Луганск мужуудын зарим хэсгийг хянаж байна. Гэхдээ тэд Украины эдгээр бүс нутгийн алийг нь ч бүрэн эзлээгүй байгаа юм. Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “Бүх нийтийн санал асуулга”  тав хоног үргэлжилж, есдүгээр сарын 27-нд дууссан юм. Санал асуулгуудын дүнг дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол олон улсын байгууллагын төлөөлөгчид цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тул хууль ёсны үр дүн гарах боломжгүй гэж мэдэгджээ.