Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоол хүнсэнд зарцуулагдах төсвийг нийслэлээс гаргадаг. Нийслэлээс санхүүжин хүнс хангамжийг нийлүүлдэг дөрвөн аж ахуй нэгж байдаг юм байна. Харин эдгээр ААН-үүд зах зээлийн үнээс хэт өндөр үнээр хүнсний бараа материалыг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг талаар зарим цэцэрлэгийн төлөөлөл хэлж байна.
НИТХ-ын тогтоолоор 2006 оноос эхлэн өдийг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамжийг дөрвөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар дамжуулан олгох шийдвэрийг гаргажээ.
Харин зарим цэцэрлэгийн тогооч хэлэхдээ хоол хүнсний материалыг дээрх ААН-ээс хэт өндөр үнээр авдаг учраас 14 хоногт нэг удаа цагаан хоолыг цэцэрлэгийн хоолны цэсэд оруулж төсвөө хэмнэдэг гэдгийг ярьж байсан юм.
Цэцэрлэгийн нэг хүүхдийн хооллолтод өдөрт 2475 төгрөгийг төсөвлөдөг. Тухайн төсвөөр хүүхдэд өдөрт өгөх ёстой шим тэжээлтэй хүнсийг худалдан авахад хүрэлцдэггүй нь үнэн. Харин хоол хүнсний хангамж нийлүүлэгчдийн төлөөлөл хэлэхдээ албан байгууллага учраас ажилтан алба хаагчид цалинжуулах, урсгал зардлууд , мөн улсад татвар төлдөг зэрэг шалтгаануудаас үүдэн зах зээлийн үнээс тодорхой хэмжээний өндөр үнээр хүнсний материалыг нийлүүлдэг гэж байна.