Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ираны томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 130 гаруй энгийн иргэд амиа алдаад байгаа талаар НҮБ-ын Хүний эрхийн комиссоос мэдээлжээ. Түүнчлэн Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд хүч хэрэглэж, интернэт сүлжээг тасалсан байна.
Иран улсын дээд удирдагч Али Хаменеи мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Махса Амини хэмээх 22 настай эмэгтэй шоронд нас барсны улмаас тус улсад өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан гол буруутнаар АНУ, Израил улсуудыг нэрлэжээ. Түүний хэлснээр Өрнөдийн улсуудын гар хөл бологсод Иран улсыг хагалган буталгахыг оролдож байгаа гэсэн байна. Мөн тэрээр 22 настай эмэгтэй шашны зан үйлтэй холбоотой дүрэм журмыг зөрчсөний улмаас шоронд хоригдож байхдаа амиа алдсан бөгөөд түүний үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалыг зогсоох оролдлого хийж байгаа хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хилийн чанадаас ирсэн Ираны иргэд хүндрэл учруулж байгаа гэсэн юм. Түүнчлэн Барууны соёлыг дэмжигчид Иран улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа төдийгүй энэ нь АНУ, Израил зэрэг Ираны гол дайсан улсуудын өдөөн хатгаж байгаа үйлдэл гэдгийг Али Хаменеи онцлон тэмдэглэсэн байна.
Өчигдрийн мэдээллээр Ираны Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилт хаялт зарлаж байгаа талаараа мэдээлсэн бөгөөд оюутан, сурагчид эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, үсээ хайчилж, гивлүүрээ тайлж эхэлжээ.