2019 оны 7-р сарын 3-нд Засгийн газрын 280-р тогтоолоор “Чингис Хаан” Хаад, язгууртны музей байгуулах шийдвэр анх гарсан байдаг. Монголын Эзэнт гүрний Хаад, язгууртны 2000 гаруй жилийн түүхийг харуулах Чингис Хаан музей нь Монголын анхны олон улсын стандартад нийцсэн музей гэдгээрээ онцлог болжээ.
Музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун Шаньюйгаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын Хаад, язгууртны 2000 жилийн түүхийг харуулсан 12 мянга гаруй үзмэр дэлгэгджээ. Үзмэрүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи болох AR, QR, VR, интерактив, видеогоор дамжуулан дэлгэрүүлж үзэх боломжтой юм байна. Уг музейн үзмэрийн 92 хувь нь эх үзмэр бөгөөд гаднын 14 улс орноос Монгол улс болон Монголын Эзэнт гүрэнтэй холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр А хуулбарыг авч ирж байршуулжээ. Монголын түүхчид, эрдэмтэн судлаачид, археологичид, уран бүтээлчид хамтран цогцлоон байгуулсан уг музей нь Ази тивдээ 3-т орох том хэмжээний музейд тооцогдож байна.
“Чингис Хаан” музей нь зөвхөн үзмэрүүд дэлгээд зогсохгүй сургалт болоод соён гэгээрэл, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйтэй холбоотой цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөжээ.
Маргааш буюу 10-р сарын 11-ний 11:00 цагт "Чингис Хаан" Хаад, язгууртны музейн нээлтийн ёслол болох юм. Музейн нээлт Чингис Хаан мэндэлсний 860 жил буюу тэгш ойтой давхардаж буйгаараа онцлог болж байна. Харин аравдугаар сарын 12-оос иргэдэд үүд хаалгаа албан ёсоор нээх юм байна. Тасалбарын хувьд насанд хүрсэн иргэн 30,000 төгрөг, оюутан 25,000 төгрөг байх бол гэр бүлээрээ үзсэн тохиолдолд хүн тус бүр 20,000 төгрөгөөр музейг үзэж болох юм. Харин хуулийн дагуу 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд үнэгүй үйлчилнэ гэж мэдээлж байна.