ААН-ийн цахилгааны үнэ нэмэгдэх ч, айл өрхүүдийн цахилгааны үнэ нэмэгдэхгүй

11-р сарын 1-нээс эхлэн ААН-ийн цахилгааны үнийн тарифыг хэрэглээнээс шалтгаалан 14-28 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Харин айл өрхүүдийн цахилгааны төлбөр нэмэгдэхгүй, өмнөх жилүүдийн адил гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээг 50-100 хүртэл хувиар хөнгөлнө.

Өнгөрөгч долоо хоногт эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах нөхцөл байдал үүссэн гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэхдээ тухайн ААН-ийн хүчин чадал хэрэглээнээс шалтгаалж, 5000 квт хүртэлх хэрэглээнд 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмэгдүүлж тооцох тарифыг гаргажээ.

Харин айл өрхүүдийн дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй. Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Шөнийн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхдээ гэр хорооллын айл өрхүүдийн нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 -ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 квт.цаг, харин 380 квт-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 квт цаг байхаар тогтоосон байна. Хэрэв заасан тарифаас өндөр хэрэглээний төлбөр гарвал 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Энэ онд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд нийт 28.9 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарчээ.