“Их долоо”-гийн улс орнуудын удирдагчид Украины асуудлаар шуурхай хуралдлаа

 “Их долоо”-гийн бүлгийн улс орнуудын удирдагчид Украины хотуудад өгсөн ОХУ-ын пуужингийн цохилтыг эрс буруушаажээ. Украинд болсон хамгийн сүүлийн үеийн үйл явдалтай холбогдуулан хуралдсан “Их долоо бүлэг”-ийн яаралтай хуралдааны дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна.

“Эдгээр эмх замбараагүй дайралтууд нь дайны гэмт хэрэг мөн. Бид Ерөнхийлөгч Владимир Путин болон буруутай бүх хүнд хариуцлага тооцох болно” гэж баримт бичигт дурдсан байна. Мэдэгдэлд мөн Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд, түүнчлэн Крым, Севастополь зэрэг бүс нутгийг Орос улс хууль бусаар өөртөө нэгтгэх оролдлого хийж байгааг Их долоогийн орнууд эрс буруушааж, үг дуугүй үгүйсгэж байгааг цохон тэмдэглэжээ. “Бид газар нутгийг өөртөө нэгтгэх энэхүү хууль бус үйлдлийг,  үүнийгээ зөвтгөхийн тулд ашиглаж буй хуурамч санааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

“Орос улс НҮБ-ын дүрэмд заасан зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн. Эдгээр нь Украины хилийг өөрчлөх эрх зүйн үндсийг Орост өгч чадахгүй, өгөх ч үгүй” гэж Их долоогийн орнуудын удирдагчид мэдэгджээ. Олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх үйлдлийг үг дуугүй үгүйсгэхийг удирдагчид Олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, цэргийн бүх ажиллагаагаа зогсоож, цэрэг, цэргийн техник хэрэгслээ Украинаас нэн даруй, ямар нэгэн болзолгүйгээр гаргахыг ОХУ-аас шаарджээ.

“Их долоо”-гийн орнуудын удирдагчид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Москва химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд ноцтой уршиг дагуулна гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн Украинд шаардлагатай санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломат, хууль эрх зүйн зэрэг дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ баталжээ.

Их долоогийн бүлгийн удирдагчид цахимаар хийсэн уг хуралдаанд Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський мөн оролцсoн бөгөөд улс орных нь агаарын хамгаалалтыг сайжруулахад тусламж үзүүлэхийг тус бүлгийн удирдагчдаас хүсжээ. Үүнээс гадна Беларустай залгаа хилийн хамгаалалтыг чангатгахад олон улсын цэргийн тусламж үзүүлэхийг Нато-оос хүссэн байна.