Энэ оны эхний 9 сард 57 хүүхэд авто ослоор амиа алджээ

Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослоор 347 иргэн нас барж, 2150 хүн гэмтэл авч, 66 явган зорчигч амь насаа алдсан байна. Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын улмаас нас баралт залуужсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Үүнд олон шалтгаан нэрлэж байгаа ч чадваргүй жолооч олширсон явдлыг үндсэн шалтгааны нэг гэж үзэж байна.

Цар тахлын жилийн дараа орон нутаг руу шилжилт хөдөлгөөн идэвхэжсэн. Энэ оны эхний 9 сард авто ослоор нас барсан 347 тохиолдлын 57 нь хүүхэд байсан байна. Авто ослын ихэнх тохиолдол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалсан байна.

Монгол улсад жолооны эрхийн зөвшөөрөлтэй 1 сая 200 мянга орчим иргэд байдаг байна. 2018 оноос эхлэн жолоодох эрхийн шалгалтыг Бүртгэл хяналтын төвд цахимаар авдаг болсон. Дунджаар өдөрт 400 орчим иргэн жолоодох эрхийн дүрмийн болон жолоодлогын шалгалт өгдөг байна. Эдгээрээс 50 орчим хувь нь шалгалтад тэнцдэг байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй 788 авто сургууль байдаг эдгээр сургуулиуд нь 7 төрлийн жолоодох эрхийн ангилалд иргэдийг хоёр сарын хугацаанд сургаж бэлтгэдэг байна.