ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар Монголын уран зургийн галерейд “Уран зураг сэргээн засварлах лаборатори” байгуулагджээ. Уг лабораторид 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан галд өртсөн 360 гаруй бүтээлийг сэргээн засварлахаас гадна үндэсний хэмжээнд сэргээн засварлах шаардлагатай бусад бүтээлүүдийг засч, сэргээх юм байна.
Өнгөрөгч 2021 онд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны “Уран зураг сэргээн засварлах лаборатори” бий болгох төсөлд холбогдох албаныхан гарын зурж байсан юм. Тэгвэл энэ 10-р сард төсөл амжилттай хэрэгжиж “Уран зураг сэргээн засварлах лаборатори” ашиглалтад оржээ. Лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулсан бөгөөд уран зургийн гэмтэл тодорхойлох, сэргээн засварлах гэсэн хоёр өрөөтэй байна.
Лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал юм. Тиймээс ч төслийн хүрээнд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр хбнгу-ын сэргээн засварлах мэргэжилтэн монголын уран зургийн галерейн 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх гурван шатлалт сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Одоогоор сэргээн засварлагч нар галд өртсөн бүтээлүүдийг сэргээх ажил хийж байна.
“Уран зураг сэргээн засварлах лаборатори”-д цаашид хувь цуглуулагч болон улсын өмчит музей, галерейнуудын сан хөмрөгийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлаж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах юм байна.