Бүтээн байгуулалтын ажилд оролцсон цэргүүд дунджаар 3-10 сая төгрөгийн цалин хуримтлуулжээ

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 9 дүүрэгт цэрэг татлага зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд цэрэгт явах залуусын тоо эрс нэмэгджээ. Төрийн албанд цэргийн алба хаасан залуусыг ажилд авах шаардлага тавьдаг бол хувийн хэвшилд ч цэргийн алба хаасан залуусыг ажилд авах сонирхол илүү байдаг байна.

Өнгөрөгч 6-р сард дотоодын цэргийн 05-р ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан зэрэг сүүлийн жилүүдэд гарсан цэргийн алба хаагчийн хэд хэдэн хүн амины хэргээс үүдэн иргэд, олон нийтийн дунд өрөөсгөл ойлголт үүсэх, цэргийн албанаас халшрах болсон.

Тэгвэл цэргийн алба нь бие бялдрын өв тэгш хөгжилтэй, сахилга баттай, хариуцлагатай иргэнийг бэлтгээд зогсохгүй алба хаах хугацаандаа өөрсдийн сонирхол, хүсэлтийн дагуу сургалтад хамрагдах, цаашлаад ажлын байранд зуучлагдах зэрэг өргөн боломжийг залууст олгодог байна. Тухайлбал зэвсэгт хүчний 336-р цэргийн ангид алба хаасан цэргүүд төмөр замын  бүтээн байгуулалтын ажилд оролцож дунджаар 3-10 сая төгрөгийн цалинг хуримтлуулжээ.

Энэ онд халагдсан зарим цэргүүд ажлын байранд зуучлагдсан байна. Тухайлбал өөрийн хүсэлтээр 37 цэрэг замын цагдаагийн албанд хаагч болж, 60 орчим цэрэг зэвсэгт хүчний ангиудад цэргийн албан хаагч болохоор хуваарилагджээ.

Залуус цэргийн алба хааснаар цаашид хөгжиж, дэвших бүрэн боломжтой гэдгийг холбогдох байгууллагуудын төлөөлөл ярьж байсан юм.