Уургийн дутагдалтай, элэг бөөрний өвчтэй, хорт хавдрын үеийн уургийн дутагдалтай хүмүүст Альбумин уургийг дуслаар тарьж хэрэглэдэг байна. Зарим хүнд өвчтэй хүмүүс өдөрт 2-3 удаа Альбумин уургийг шаардлагатай байдаг боловч томоохон эмийн сангуудад энэхүү уураг ширхэг нь 280 мянга орчим төгрөгийн үнэтэй юм байна. Тиймээс зайлшгүй шаардлагаар хэрэглэх заалттай иргэдэд уг тариаг өдөрт нэг сая орчим төгрөгөөр худалдаж авах нь маш хүнд тусаж байгааг иргэд хэлж байна.
Хорт хавдрын өвчлөлийн нас баралтаар Монгол улс дэлхийн 185 орноос нэгдүгээрт жагсаж байна. Мөн цаашид ч хавдраас шалтгаалах нас баралт өсөх хандлагатай байгаа юм. Харин хавдраар өвчилсөн иргэдийн амь насыг уртасгахад Альбумин уургийг зайлшгүй хэрэглэх шаардлага үүсдэг байна.
Хүнд өвчтэй иргэд Альбумин уургийг өдөрт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх шаардлага үүсдэг. Харин энэхүү уураг нь хэт өндөр үнэтэй учраас иргэдэд санхүүгийн бэрхшээл ихээр тулгардаг байна.
Хэдийгээр манай улс 600 орчим нэр төрлийн эмийг хөнгөлөлтөөр олгодог ч тус уургийн үйлчилгээг орлуулах эмийн нэр төрөл байдаггүй. Тиймээс иргэдэд амин чухал хэрэгцээтэй энэ мэт уургийн нэр төрлийн бүтээгдэхүүнийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулах шаардлагатай байгааг иргэд ярьж байсан юм.