“Монголын уламжлалт идээ, ундааны соёл” үзэсгэлэнд хүүхдүүдэд зориулан үндэсний хүнсний сургалт зохион байгуулж байна

Улс үндэстний онцлогийг хадгалж, түгээж байдаг соёлын томоохон хэлбэрүүдийн нэг нь уламжлалт идээ, ундааны соёл юм. Үүний ач холбогдлыг дэлхийн хүнсний өдрөөр тодотгож Соёлын яам, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага Монголын үндэсний музейтэй хамтран “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн дэлгэжээ.

Монголчууд эртнээс мал аж ахуйг голлон шүтэж идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг олон төрлийн аргаар боловсруулан хэрэглэж ирсэн нь өдгөө ч уламжлагдан иржээ. Мөн таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгон хэрэглэж ирсэн байна. Түүхийн явцад хэрэглэгдэж байсан эд өлгийн түүхэн олдворууд болох модон тагш, домбо, эртний гурилын илдүүр зэрэг үзмэрүүдийг Газар тариалан, Ан агнуур, Сүү цагаан идээ, Цайны соёл гэх дөрвөн төрөлд хуваан дэлгэжээ.

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан дэлгэж байгаа уг тусгай үзэсгэлэнд мөн хүүхдүүдэд зориулан хүнсний боловсролын сургалт зохион байгуулж байна.

Монгол үндэстний ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн үзмэрүүдийг 11-р сарын 14 хүртэл олон нийтэд толилуулах юм байна.