Иргэд: Танил талаараа дамжуулан үнэмлэх гаргадаг учраас жолооч нарын ур чадвар сайжрахгүй байна

Иргэд жолооны сургалтдаа бүрэн суудаггүй ч танил талаараа дамжуулан жолооны үнэмлэх авах нь хэвийн үзэгдэл болсон байна. Сүүлийн үед зам тээврийн осол ихсэж байгаа нь жолоочийн ур чадвар муу байгаатай холбоотой гэж иргэд үзэж байна. Жолооны сургуулиуд дүрэм, дадлагын хичээлийг муу заадаг, эсвэл шууд танил талаараа дамжуулан үнэмлэх гаргадаг учраас жолооч нарын ур чадвар сайжрахгүй байгаа нь осол аваар нэмэгдэхэд нөлөөлж байгааг иргэд хэлж байна.

Цахим орчинд жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэх зарууд ихэссэн. Үүнтэй холбогдуулан уг зарыг оруулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгах үйл ажиллагаа явуулдаг байна. Харин эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд  бүрэн камержсан нэгдсэн шалгалтын төв байгуулах шаардлагатай байна.

Монгол улсад 400 орчим авто сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл авто сургуулиудын жолооны стандарттай холбоотойгоор өнгөрсөн сарын 4-нд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар хөндлөнгийн ажлын хэсэг гарч 49 байгууллагын сургалтын зөвшөөрлийг нь цуцалжээ.