Гудамжны урлаг нь хотыг илүү өнгөлөг болгож хүмүүсийн сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг

Дэлхийн хотууд уран бүтээлчдийн гайхалтай баримлуудаар хотоо чимж, тэдний зурсан бүтээлээр урлагийн орон зайг бий болгодог. Урлагийн энэ төрлүүдтэй зэрэгцэн сүүлийн жилүүдэд хүчээ авч байгаа нэгэн төрөл бол Street Art буюу Гудамжны урлаг юм.

Граффити артист Б.Идэр, О.Төгөлдөр нар багаасаа уран зураг сонирхдог байжээ. Харин 2020 онд гудамжны урлагийг Монголд хөгжихөд хувь нэмрээ оруулахаар “Notype crew”-г байгуулан ханан дээр зураг зурж эхэлсэн байна. 

Уран бүтээлчид болоод тэдний бүтээлүүд тодорхой хэмжээгээр хүмүүст нөлөө үзүүлдэг. Артистууд өөрсдийн зурсан бүтээлээрээ хүүхдүүдэд урам зориг, итгэл, сайхан орчинг бий болгохыг тэмүүлдэг байна.

Анхны граффити зургууд хуучнаар "Ленин клуб" буюу одоогийн Blue Sky зочид буудлын баруун талд зурагдаж байжээ. Тэгвэл өнөөдөр нийслэл хотын аль ч гудамжнаас энэ төрлийн уран бүтээлийг харах боломжтой болсон байна. Гудамжны урлаг нь хотыг илүү өнгөлөг болгож хүмүүсийн сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж урлаг судлаачид тодорхойлдог байна.