Чингис хаан музейг зорьж очсон хүүхдүүд үзсэн үзмэрээ бодитоор урлаж байна

Чингис хаан музей хүүхдүүдийн насны онцлогт тохируулан боловсролын хөтөлбөр явуулж байна. Ингэхдээ уран зураг, хаад язгууртны малгай, ваар урлах зэрэг долоон хөтөлбөрөөр дамжуулан музей дэх үзмэрүүдийг бодитоор урлуулж байна.

Чингис хаан музейг зорьж очсон хүүхдүүд анги хамт олон, найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамт үзсэн үзмэрээ бодитоор урлаж байна. Хүүхдүүд Монголын эзэнт гүрний үеийн Хаад язгууртны дээл, малгайг хийж өмсөхөөс эхлээд Хоригийн өрөмтэй ваарыг урлах, баримлын шавраар Хүннүгийн үеийн гөрөөс хийх, Язгуурын таван бурхныг элсээр хэвлэж гаргах гэх мэтчилэн музейн долоон танхимын онцлогт тааруулсан хөтөлбөрт хамрагдаж байна.

Чингис хаан музей түүх соёлыг таниулхаас гадна хүүхдүүдийн насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрийг явуулж байгаа нь эх оронч иргэнийг төлөвшүүлэх суурь болно гэж музейн мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн гэр бүл, найз нөхдийн хамтаар музейн аль ч боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна. Цаашид Чингис хаан музейн хамт олон зөвхөн хүүхэд гэлтгүй оюутан залуус, насанд хүрэгчид, өндөр настан, жуулчдад зориулсан бүтээлч хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.