Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 531 дотуур байр байдаг. Үүнээс нийслэлд улсын зургаан сургууль дотуур байртай бол хувийн 8 сургууль сурагчдыг дотуур байраар хангаж байна. Гэвч дийлэнх дотуур байрны орчин нөхцөл сурагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж чаддаггүй байна.
Монгол улсын үндсэн хуульд хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд суралцаж амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Харин энэхүү хууль нь сургуулийн дотуур байранд ноцтой зөрчигдөж байгааг холбогдох байгууллагуудын төлөөлөл хэлсэн юм. Зарим сургуулийн дотуур байранд хийсэн олон улсын судалгаагаар хүүхэд ихэвчлэн үл хайхрах хүчирхийлэлд өртдөг байна. Сургуулийн дотуур байр нь зөвхөн хүүхэд хонуулах газар болсон гэдгийг мэдээлж байна.
Нийслэл хотод байрладаг 116-р сургууль нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгодог. Эдгээр хүүхдүүд харааны бэрхшээлтэй учраас гэр сургуулийн хооронд явахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Иймээс тус сургууль нь эдгээр хүүхдүүдийн суралцах орчныг хангах үүднээс сургуулийн нэг талыг дотуур байрны зориулалтаар ашиглаж байгаа байна.
Харин холбогдох яамны зүгээс дотуур байрны ажилтан албан хаагчдыг сэтгэл зүйн сургалтад хамруулдаг байна. Мөн цаашид орчин нөхцөлийг нь сайжруулах үүднээс холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
Мөн дотуур байранд амьдардаг хүүхдийн сурлага гэртээ амьдардаг хүүхдийнхээс доогуур үнэлгээтэй гарсан нь судалгаагаар батлагджээ. Шалтгаан нөхцөл нь амьдарч буй орчны нөхцөл байдал болон багш ажилчдын харилцаа, хандлага гэх мэт зүйлс ихээхэн нөлөөлдөг байна.