Крымийн гүүрэн дээр дэлбэрэлт хийсэнтэй холбогдуулан Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан цаашид экспортлох гурван талын гэрээ хэлэлцээрт оролцохоос татгалзаж байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игор Конашенков өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Туркийн эрх баригчид гэрээг цуцлах эсэх дээр Оросын талаас тодорхой мэдэгдэл хүлээж аваагүй гэдгээ мэдэгдсэн бол НҮБ-ын холбогдох албаныхан Кремлийн эрх баригчдаас асуудлыг тодруулахаар ажиллаж байгаагаа хэлсэн байна.
Оросын эрх баригчдын гаргасан шийдвэртэй холбогдуулан Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррель Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохгүй байх шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалжээ. Тэрээр “ОХУ Хар тэнгисийн гэрээнд оролцохоо зогсоох шийдвэр гаргасан нь Украины эсрэг өдөөсөн дайнаас нь үүдэлтэй дэлхийн хүнсний хямралыг даван туулахад нэн шаардлагатай үр тариа, бордоо экспортлох гол замыг аюулд оруулж байна. Европын холбоо уг шийдвэрээ цуцлахыг ОХУ-д уриалж байна” гэж Боррель твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
Москва Украины боомтуудаас үр тариа экспортлох хэлэлцээрт оролцохоо зогсоож байгааг ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн бямба гарагт мэдэгдээд байсан юм. “10-р сарын 29-нд Киевийн дэглэм Их Британийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд болон үр тарианы гарцын аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа иргэний хөлөг онгоцны эсрэг террорист ажиллагаа явуулсан төдийгүй өнгөрсөн сард Крымийн хойгийн томоохон дэд бүтэц болох гүүрийг санаатайгаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсныг харгалзан дээрх шийдвэрийг гаргалаа” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт энэ оны 7-р сарын 22-нд Истанбул хотноо Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарыг хамруулан Украин, ОХУ-ын төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.